
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, ММНБИ-ийн ерөнхийлөгч Б.Түвшин нар нийгмийн даатгалын тогтолцоо болон тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
Б.Түвшин: Манай Монгол Улсын эдийн засаг нийгмийн харилцаанд нийгмийн даатгалын тогтолцоо хэр нөлөөтэй байдаг вэ, ер нь манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо дэлхийн чиг хандлагад нийцэж байгаа юу?
Б.Батжаргал: Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсөвт 4 сангаар дамжуулан 2.5 их наяд төгрөг зарцуулахаар баталсан. Энэ мөнгө 420 мянган тэтгэвэр авагч, 240 мянга орчим тэтгэмж авагч даатгуулагч, нийт 660 мянган хүний гар дээр зөвхөн нэг жилд олгогдож байна гэсэн үг. Энэ дүнг улсын төсөвтэй харьцуулахад төсвийн бараг 20-25 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй байна. Ийм хэмжээний мөнгө бэлнээр сар бүр, жил бүр хүмүүсийн гар дээр очно гэдэг нь хүмүүст эдийн засгийн хувьд том дэмжлэг болж байна гэсэн үг юм.
Нийгмийн даатгалын тогтолцоо тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, ажилгүйдэл, эрүүл мэндийн даатгалын сан гэсэн нийт 5 сангаас бүрддэг. Энэ 5 санг цогц хэлбэрээр нь өндөр хөгжилтэй улс хэрэгжүүлээд явж байна. Харин буурай болон хөгжиж байгаа орнуудын хувьд сайн хэрэгжүүлж байгаа нь тийм ч олон бус байна.
Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо бусад улсаас хоцрогдсон уу, дэлхийн чиг хандлагад нийцэж байна уу гэвэл олон талын хүчин зүйлийг авч үзсэний үндсэн дээр хариулт өгөх шаардлагатай болно. Мэдээж өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад сул байж болох ч олон давуу тал бий. Тухайлбал, хүний амьдралд тохиолдох өвчлөх, нас барах, өндөр наслах, тахир дутуу болох, хөдөлмөрийн чадвараа алдах, үйлдвэрлэлийн ослийн үеийн даатгалын бүх хамгаалалтыг нэвтрүүлсэн. Хууль эрх зүйн хувьд бүх зохицуулалт батлагдаж мөрдөгдөж байна, үүнийгээ дагаад хуулийг хэрэгжүүлэх дэд бүтцээ мөн хөгжүүлсэн.
Б.Түвшин:Амгаланбаатар даргаас асууя. Улс орны эдийн засаг төсөвт маш том байр суурь эзэлж байгаа нийгмийн даатгалын тогтолцоо нь ялангуяа өндөр настай иргэдийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн оролцоотой байдаг. Тэгэхээр иргэд энэ тогтолцоонд хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Энэ том тогтолцооны давуу болон сул талыг та юу гэж үзэж байна?
Х.Амгаланбаатар: Энэ тогтолцоо Монгол Улсын хувьд олон жилийн түүхтэй үйл ажиллагааны үр дүнд төлөвшсөн. Өнөөдөр бид 1995 оноос хойш нийгмийн даатгалын тогтолцоо хөгжсөн юм шиг ойлгоод байгаа. Гэтэл 1940-1990 он хүртэл одоогийн МҮЭХ буюу хуучнаар МҮЭ-ийн төв зөвлөл нийгмийн даатгалын холбогдох үйлчилгээг төрийн өмнөөс хариуцаж ирсэн. Энэ утгаараа нийгмийн даатгалын тогтолцоо нэлээд амжилттай, урт хугацааг даван туулж ирсэн уламжлалт, үйл ажиллагаа нь тогтмолжсон, монгол хүний хүсэн хүлээж байгаа нийгмийн хамгааллын үйлчилгээг олон жил тогтвортой авч явж ирсэн тогтолцоо.
Харин 1994 он буюу Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн шинэ тогтолцоотой уялдуулж нийгмийн даатгалын тогтолцоонд хууль эрх зүйн орчин, үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх шаардлага гарсан. Үүнээс хойш энэ тогтолцоо маань 25 орчим жил үүргээ гүйцэтгэж байна. Энэ бол зарим хүмүүсийн хэлж байгаа шиг дампуурсан тогтолцоо огт биш. Улам сайжруулах шаардлагатай юу гэвэл шаардлагатай.
Б.Түвшин: Таньтай санал нэг байна. Энэ бол маш том эдийн засаг, том тогтолцоо, олон хүний эрх ашгийг хамгаалж байгаа учраас бид үүнд болгоомжтой хандах хэрэгтэй байх. Тэгэхээр хүмүүсийг ажилтай орлоготой байгаа үед нь цалингийнх нь 1-20 хүртэл хувийг нийгмийн даатгалын шимтгэлд авдаг шүү дээ. Ингэхэд өнөөдөр нийгмийн даатгалын хувь хэмжээ их байна уу, бага байна уу. Тэтгэвэр тэтгэмжийн тооцооллын арга зүй нь хэр боломжтой байна. Энэ их мөнгөний сан нь ханш инфляцийн асуудлыг яаж шийдэх вэ. Мөн бид 30 жилийн дараах мөнгөний үнэ цэнийг ярих гэж байна. Энэ эрсдэл, хөрөнгийг тооцох боловсон хүчний чадвар чадамж ямар байна, дутагдаж байгаа зүйл юу байна?
Б.Батжаргал: Таван сан маань хүний амьдралд тохиолддог эрсдлийг хугацааны хувьд 3 ангилан хамгаалдаг. Тухайлбал, тэтгэмжийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан нь хүнд тохиолддог богино хугацааны эрсдэлийг хаадаг сан юм. Орлогын бууралтын эрсдэлийг ярьж байна. Тухайлбал, хүүхэд төрүүлээд тэтгэмж авах бол богино хугацааны орлогын бууралт гэж үзэх ба тухайн даатгуулагч ихэвчлэн 1-3 жилийн дотор буцаад ажилдаа ордог. Дунд хугацааны эрсдэлд хөдөлмөрийн чадвараа алдах, тахир дутуу болох орно.
Харин урт хугацааны эрсдэл бол өндөр насны тэтгэврийн эрсдэл байгаа. Өндөр насны тэтгэврийн хувьд 20-30 жилийн дараах эрсдэл бодогддог. Иймд энэхүү тооцооллыг хийх хүний нөөцийн асуудал чухалд тавигдаж ирсэн. Энэ чиглэлээр ажиллах актуарч манай салбарт ховор байгаа. Харин 4 жилийн өмнөөс Японы Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа SINRAI төслийн хүрээнд 2-3 актуарчийг бэлдсэн. Урт хугацааны орлого, зарлагын тооцоолол хийх, сангийн тогтвортой байдлыг хадгалахад өндөр түвшинд бэлтгэгэдсэн актуарчидтай байх ёстой гэдэгтэй санал нийлж байна.
Тэтгэврийн тооцооллын хувьд өнөөдөр тооцоо хийгээд маргааш үр дүн гарах асуудал биш. Тухайн хүн 22 настай хөдөлмөрийн зах зээлд гарсан гэж үзвэл 60 нас хүртэл 38 жил тасралтгүй ажиллана гэж бодоход нийт төлөх шимтгэл, буцаад авах тэтгэвэр хоорондын шударга байдал, уялдаа холбоо маш сайн байх ёстой. Гэхдээ бүх даатгуулагчийг 38 жил тасралтгүй ажиллаж, өвдөхгүй, ямар нэг бусад эрсдэлд өртөхгүй өндөр насны тэтгэвэрт гарна гэж тооцоолох нь бас эрсдэл дагуулна. Амьдралын нийт хугацаанд тухайн хүн өвдөж болно, магадгүй хөдөлмөрийн чадвараа алдаж болно. 30-40 жил бүх хүмүүс цоо эрүүл яваад өндөр насны тэтгэвэрт гарна гэж байхгүй. Иймд энэхүү завсарын эрсдлийн тооцооллыг давхар хийж явах ёстой.
Нийгмийн даатгал буюу нийгмийн хамгаалалд таныг баяжуулна гэсэн зорилго ерөөсөө байхгүй. Том утгаараа хүн амын тогтвортой амжиргааг хамгийн бага түвшинд хангах зорилгыг агуулдаг. Бүх улсын нийгмийн хамгаалал, тогтолцооны гол зорилго ийм байдаг.
Б.Түвшин: Цалингийн 11,5 хувь, ажил олгогчоос 12 хувь авч байгаа. Хэрэглэгч хүмүүс нь нийгмийн даатгалын социал хүрээг хамардаг гэдэг дээр хэр ойлголттой байдаг вэ. Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст энэ талын сурталчилгаа хийдэг байх хэрэгтэй болов уу?
Х.Амгаланбаатар: Шинэчлэл гэдгийг мөнгөн дүнгээр ч юм уу, эсвэл нэг тогтолцоог арай өөр тогтолцоогоор солих байдлаар ойлгох нь өрөөсгөл. Шинэчлэл бол маш өргөн хүрээг хамарч байж сая шинэчлэл болно. Тэтгэвэр авч байгаа ахмадуудын маань 80-90 хувь нь тэтгэврийн зээлтэй байснаа сая оны өмнө ерөнхийлөгч зээлийг нь тэглэнэ гээд нэлээн улстөржсөн юм болоод нийгэм хуваагдаад явлаа. Энэ бол тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх шаардлага байна уу үгүй гэдгийг тодорхойлсон том үзүүлэлт.
Тэтгэврийн хувь хэмжээ ахмадуудын маань амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас 80-90 хувь нь зээл авч байна. Мөн ажлын байр байхгүйгээс ахмадын тэтгэврийн орлогыг хуваалцдаг залуучууд бас байна. Ийм учраас тэтгэврийн даатгалын тогтолцоог иж бүрнээр нь шинэчлэнэ гэхээс илүү тэтгэврийн хувь хэмжээг нэмэх нь эхний ээлжинд хийх шаардлагатай нэг шинэчлэл байх болов уу гэж бодож байна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах шинэчлэлийг давхар хийх ёстой.
Өнөөдөр эрүүл мэндийн даатгал ч мөн асуудалтай байгаа. Тэгэхээр миний бодлоор даатгалын сангуудыг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа руу нь шинэчлэх нь зүйтэй гэж бодож байна.
Тиймээс шинэчлэлийг хувь хэмжээний хувьд ч, тогтолцооны хувьд ч, нийгмийн даатгалын хүрээнд ч, иргэдэд сурталчлан ойлгуулах хүрээнд ч маш өргөн хүрээнд хийх ёстой гэж хэлмээр байна. Олон зүйлийг шинэчилж байж тогтвортой болно, үр дүнтэй болно.
Б.Түвшин: Сүүлийн 30-аад жил тэтгэврийн тогтолцооны шинэчлэл олон улсад яригдаж байна. Энэ тухай 3 тулгуур ойлголт байна. Нэгдүгээрт, хэн ч өлсөж үхэхгүй байх, 2-рт, өөрөө хуримтлуулсан мөнгөө өөрөө авна. 3-рт, ирээдүйдээ сайхан амьдрахын тулд даатгуулаад түүнийхээ үр өгөөжийг авна гэсэн 3 тогтолцоо байна.
Манай улсын хувьд харахад эхнийх буюу хэн ч өлсөж үхэхгүй гэдэг тогтолцоо юм шиг мөртлөө сүүлийн 5 жил өндөр татвар төлбөл өндөр авна гэдэг нь хөрөнгө оруулалтын сан руу хийгээд их авна гэж байгаатай ч ижил юм шиг. Эдгээр суурь зарчмууд холилдоод үл ойлгогдоод байдаг юм болов уу гэж боддог. Ер нь энэ 3 зарчмын алийг нь баримтлах ёстой вэ. Одоо нийгмийн даатгалаас явуулж байгаа бодлого аль дээр нь суурилах вэ, ирээдүйдээ яаж шилжих вэ гэдэг талаар та санал хэлэх үү?
Б.Батжаргал: Дэлхийн зарим судлаачид тэтгэврийн тогтолцоотой холбоотой үүсч байгаа 10 асуудлыг гаргасны эхний 4-ийг нь дурдахад:
Тэтгэврийн тогтолцоог сайжруулах, шинэчлэх талаар өнгөрсөн хугацаанд олон судалгаа, тооцоолол хийгдэж, олон улсын байгууллагууд, экспертүүдээс санал зөвлөмж өгч ирсэн. Манай улс тэтгэврийн нэг давхаргат тогтолцооноос олон давхаргат тогтолцоонд шилжих ёстой гэдэгт бүх талууд санал нэг байгаа. Гэхдээ тэтгэврийн олон давхаргат тогтолцоог хэрхэн нэвтрүүлэх нь бас асуудал болно. Дэлхийн улс орнууд олон давхаргат тогтолцоог тухайн улсын хүн амзүй, эдийн засгийн байдал, хөрөнгийн зах зээлийн хөгжил зэрэгтэй уялдуулан олон янзын хувилбараар хөгжүүлж, шинэчилж байна.
Б.Түвшин:Даатгалын талаар бидний барьж байгаа үзэл баримтлал бол өөрчлөлт хийх ёстой. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд сууриа зөв ойлгоод зөв хөдлөх хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэж байна. Нэрийн дансны орлогыг мөнгөжүүлэх, нийгмийн даатгалын сан чадвартай байх тухай, ялангуяа тэтгэврийн сан улсын төсвөөс санхүүждэг байх тухай асуудал яригдаж байна. Батжаргал дарга насжилт өндөрсвөл зарлага тал ихэснэ. Залуучууд ажилгүй байвал орлого тал ихэснэ гэж байна. ҮЭ-ийн байгууллагын хувьд “хэн ч өлсөж үхэхгүй байх” буюу тэгш хуваарилах тал дээр анхаарах талаар ярьж байна. Дээр үед тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр бага байна. Сүүлд тэтгэвэрт гарч байгаа нь сүүлийн 5 жилд төлсөнөөрөө тооцуулж байгаа учраас өндөр тэтгэвэртэй байна. Хэдийгээр манайх тэтгэврийг нэмээд байгаа боловч ялгавартай байгаа нь зарчмаас хазайгаад байгаа юм биш үү. Энэ тал дээр МҮЭ ямар үзэл баримтлалтай байна вэ?
Х.Амгаланбаатар: Ахмадууд энэ тэтгэврийн ялгаварлын асуудлаар олон жил ярьж байна. Улс орны эдийн засгийн байдал ахмадуудын хүлээж байгаа хүлээлттэй зэрэгцэж чадахгүй байгаа учраас энэ асуудал яригдсаар байна.
Зарим улс орнууд огцом шинэчлэл хийдэг. Гэхдээ энэ нь улс төрийн шийдлээр явагддаг. ОХУ гэхэд тэтгэврийн хувь хэмжээний тэгш бус байдлыг арилгахыг чухалд тооцож, тодорхой шинэчлэлийг хийлээ.
Бид судалгаа шинжилгээний үндсэн дээр гаргаж нийгэмд тавих ёстой. Үүгээрээ шинэчлэлийг эхлүүлэх ёстой. Өнөөдөр тэтгэврийн тогтолцоо муу байна, дампуурсан байна, сайжруулах ёстой, АНУ, Норвеги зэрэг Европын өндөр хөгжилтэй улс орнуудын тэтгэврийн даатгалын тогтолцоо шиг болгооч гэж шаардаад байгаа хүмүүсийн дийлэнх нь залуучууд байгаа. Нийгмийн даатгалын даатгуулагч биш учраас өөр нүдээр харж байна гэж үзэж байна.
Олон жил нийгмийн даатгалын тогтолцооны гадна явсан хүмүүсийг оруулж ирэх гэж бас нэг том шинэчлэл хийж байгаа нь малчдын даатгал. Малчид нийгмийн даатгалдаа өөрийнхөө ирээдүйн төлөө малынхаа үр шимээс шимтгэлээ өгөх цаг нь болсон. Нийгмийн даатгалын шимтгэл 20, 30 жил өгөөгүй малчин хүн үүнийг шүүмжлээд байх шаардлагагүй. Яг өнөөдөр цалингаасаа шимтгэл өгөөд байгаа ажилтан, ажил олгогч 2 энэ санг бүрдүүлж байна.Тэгэхээр нийгмийн даатгалын тоглогч нь үр шимийг хүртэхийн төлөө мөнгөө төлж байгаа хүмүүс байх ёстой.
Сонгууль болох гэж байгаатай болохоор улстөрийн хүчнүүд мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулаад тэтгэврийн шинэчлэл дээр илүүтэй дуугарч байна. Мөн өнөөдөр сайн дурын даатгалд даатгуулагчдын хамрагдалтын хувь хэмжээ харьцангуй доогуур байгаа. Цалингийн хувьд Монгол Улс нь ижил төстэй орнуудтай харьцуулахад бага цалинтай байгаа учраас бид нэмэх ёстой гэдэг байр сууринаас ханддаг. Үүн дээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 3 тал болох Засгийн газар, ажил олгогч, ҮЭ-ийн сайн ажиллах ёстой. Энэ бүрэлдэхүүнийг яг хуулийн дагуу байгуулах ёстой. ҮЭ-ээс 3 хүн байна гэж заасан, одоо 1-л хүн байгаа. Нөгөө 2 нь яг энэ хуульд заасан хамааралтай этгээд биш. Үүнийг ч бас засаж сайжруулах хэрэгтэй байна.
Дараагийн асуудал бол Нэрийн дансны тухай маш чухал хууль байгаа. Энэ асуудал бол ирээдүйгээ харсан төрийн бодлого. 1960 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн дансныхаа үр шимийг хүртэнэ гээд, харамсалтай нь энэ асуудал бүрхэг байгаа. Тэгэхээр үүнийгээ мөнгөжүүлэх ёстой. Даатгуулагч иргэнд итгэл төрүүлэх ёстой гэсэн үг. Нийгмийн түншлэгч талууд энэ шинэчлэлийг үе шаттайгаар, аажмаар хийх ёстой.
Б.Түвшин: Нэрийн данс мөнгөжөөд ирлээ, сангууд үүслээ гэхэд энэ сангуудыг өсгөж үржүүлэх хөрөнгө оруулалтын орчин ямар байна. Мөнгөний үнэ цэнийг хадгалах боломж байна уу. Мөн нийгмийн даатгалын төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, даатгал үнэ цэнийг алдагдуулахгүй байхаар олон улсын байгууллагуудтай ажилладаг гэж бодож байна. Олон улсын байгууллагуудын зөвлөдөг зүйл нь юу вэ?
Б.Батжаргал: 2020 оны тэтгэврийн даатгалын сангийн алдагдал буюу улсын төсвөөс өгч байгаа татаас 399 тэрбум төгрөг байна. Үүнээс 156 тэрбум нь цэргийн албан хаагчийн тэтгэвэр, 212 тэрбум нь 1995 оноос өмнө буюу өнөөгийн тогтолцооноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэрт зарцуулна. Харин тэтгэврийн сангийн цэвэр алдагдал нь 31.8 тэрбум төгрөг байна.
Судлаачдын үзэж байгаагаар тэтгэврийн шинэчлэл хийхэд хэд хэдэн нөхцөл бүрдсэн байх ёстой гэж үздэг. 1-рт, хүн ам зүйн таатай үе, 2-рт, эдийн засгийн тогтвортой өсөлт, 3-рт шилжилтийн зардлаа шийдсэн байх ёстой, 4-рт,олон нийтэд зөв мэдээлэл өгсөн байх ёстой, 5-рт, дэд бүтцийн асуудлыг шийдсэн байх ёстой. Энийг хэзээ хийх вэ, яаж хийх вэ, хувийн хэвшил хийх үү, төр хийх үү, хамтрах уу гэх мэт зураглалыг сайтар гаргасан байх ёстой гэж үздэг.
Notional Defined Contribution буюу хийсвэр шимтгэлд суурилсан тэтгэврийн бодолтыг зарим улсууд хэрэгжүүлээд байгаа. Манай улсын хувьд 1958 оноос өнөөг хүртэл цалинд суурилсан буюу сүүлийн 20 жилийн дотор аль өндөр тодорхой жилүүдийг сонгон тэтгэврээ тооцуулж ирсэн. Цалинд суурилсан тэтгэвэр боддог энэхүү арга нь дэлхийн олон оронд одоо ч хүртэл ашиглагдаж байна. Манай улсын хувьд 2020 онд тасралтгүй аль өндөр шимтгэл төлсөн 7 жилийн дунджаас бодож байна. Дэлхийн бусад улсад энэ хугацаа янз бүр байгаа боловч энэхүү хугацааг уртасгах нийтлэг чиг хандлагатай байна.
Эрдэмтэн судлаачид ямар асуудлыг гаргаж тавьсан бэ гэвэл тэтгэврийг бодохдоо цалинд суурилсан аргаар биш төлсөн шимтгэлд нь нийцүүлэн тогтоож болох тухай санал дэвшүүлж, 1988 оноос идэвхитэй судлагдаж, 1992 оноос Швед улсад анх хэрэгжүүлж хийсвэр шимтгэлд суурилсан тэтгэврийн бодолтыг амжилттай нэвтрүүлсэн. Гэхдээ манай улс болон Швед улсын хувьд зарчмын хувьд ялгаатай. Манай улс юун дээр алдсан бэ гэхээр 1960 онд төрсөн хүн 20 насандаа хөдөлмөр хийсэн гэхээр 1980 оноос эхэлж ажиллана. 1980-1994 он хүртэл нэг ч хүн тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. 15 жилд нь 0 шимтгэлийн харилцаатай. Нийт 22 22 жил ажилласан тооцоход шимтгэл төлсөн идэвхтэй жил нь 7 жил л болж байна. Тэгэхээр шимтгэлгүй байх үеийн харилцааг шимтгэлд суурилсан тэтгэвэр боддог арга руу оруулж ирэхээр 0 шимтгэл төлсөн хугацааг хэрхэн тооцох аргачлал нь бүрхэг болж ирдэг. Ийм учраас 1960-1970 онд төрөгсдийн ихэнхи нь хийсвэр нэрийн дансандаа хангалттай хэмжээний хуримтлалтай байж чадаагүй. Үүнд бас ажилгүйдэл нэлээд нөлөөлсөн байна. Одоогийн байдлаар нийгмийн хамгааллын гол сууриар зарчмаа бариад цалинд суурлсан болон хийсвэр нэрийн дансны аргаар бодуулж аль өндөр тогтоогдсоныг даатгуулагч сонгон авах эрхтэй байдлаар хуулийг хэрэгжүүлж байна.
Notional Defined Contribution буюу хийсвэр шимтгэлд суурилсан тэтгэврийн бодолт нь зөвхөн тэтгэвэр бодох арга гэдгийг ойлгох ёстой. Харин энэ тогтоогдсон тэтгэврийн санхүүжилтийг уламжлалт Paygo буюу хуваарилалтын аргаар хийх үү, эсвэл хагас хуримтлал, бүрэн хуримтлалаас санхүүжүүлэх үү гэдэг нь бодогын сонголт болно. Notional Defined Contribution буюу хийсвэр шимтгэлд суурилсан тэтгэврийн бодолтыг нэвтрүүлсэн улсын ихэнх нь уламжлалт санхүүжилтийн арга болох хуваарилалтын аргыг ашиглаж байна. Гэхдээ зарим улс санхүүжилтын энэ аргыг задалж холимог хэлбэртэй байхаар оролдож зарим хэсгийг мөнгөжүүлж, хөрөнгийн зах зээлд байршуулж эхэлсэн. Дараа нь 2 асуудал гарч ирнэ. Шилжилтийн зардлыг шийдэж чадсан гэхэд хөрөнгийг хэн, хэрхэн менежмент хийж явах вэ. Хөрөнгө оруулалтын менежментийг мэргэжлийн байгууллага маш чанд хяналтын доор хийх ёстой. Үүнийг нийгмийн даатгалын байгууллагын одоогийн бүтцээр хийж чадахгүй. Хүний нөөцийн чадавхи байхгүй. Тэгэхээр үүнийг мэргэжлийн байгууллага хийхээс өөр аргагүй болж байгаа. Үүнийг хуулиар л шийдэх боломжтой юм.
Б.Түвшин: Одоо манай нийгмийн даатгал, ялангуяа тэтгэврийн даатгалын тогтолцоо өмнөх тогтолцооны үед мөнгөждөггүй байсан хийсвэр тооцооны нэг хэсэг өр авлагууд. Цэргийнхэн ч юмуу гарцаагүй төрөөс даатгалыг нь даадаг, мөнгийг нь төлдөггүй мөртлөө санд тооцогдоод явдаг хэсэг байна. Энэ хэсгүүдийг тэгвэл тогтолцооны зардал гэж үзээд шууд улсын төсөв дээр суулгаад, яг төлж байгаа болон төлснөөсөө авч байгаа нь 32 тэрбумын алдагдалтай байна гэсэн. Энэ 32 тэрбумын алдагдал нэг талаасаа төлж байгаа хүмүүс, нөгөө талаасаа тэтгэвэр авч байгаа хүмүүсийн асуудал. Гол асуудал нь үйл ажиллагааны зардалд нь байна уу,эсвэл насжилтандаа байна уу, төлж байгаа талдаа байна уу, эсвэл мөнгөний үнэ цэнийн уналтанд байна уу.
Б.Батжаргал: Хамгийн гол асуудал нь хүн ам зүйн насжилт байна.
Б.Түвшин: Насжилт гэж үзэж байгаа бол бодитойгоор өнөөдөр тэтгэврийн даатгал төлж байгаа хүмүүсийн тоо авч байгаа хүмүүсийн тооноосоо бага байна гэж ойлгож болох уу?
Б.Батжаргал: Хэрвээ энэ даатгуулагч энэ тэтгэврийг ийм хугацаанд авах юм бол ийм хэмжээний шимтгэл төлөх ёстой гээд тооцож гаргадаг. Харамсалтай нь тэр бодож гаргаж ирсэн хувь одоо тэтгэвэр төлж байгаа хувиас бага байгаа. Бага байна гэдэг нь тогтолцоо нь шимтгэлгүй байх үеийн хугацаа нийт ажилласан жилд байсаар байна гэсэн үг юм
Б.Түвшин: Тэгвэл шилжилтийн зардал гээд мөнгө төлж байгаагүй, улсаас даатгалуудыг нь даадаг хүмүүсийг оруулахгүйгээр төлж байгаа болон төлснөөсөө авч байгаа тэр хэсгүүдийг тооцож үзэхэд ашиг, алдагдал ямар байдаг юм бол?
Б.Батжаргал: 1995 оны багц хуулийн зохицуулалтад 1994 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд тэтгэвэрт гарсан хүмүүс ороогүй. Гэхдээ 1995 оны 1 сарын 1-нд тэтгэвэрт гарсан хүн тэтгэврийн даатгалын сангаас бүх мөнгөө авч байгаа. Гэтэл энэ хүн шимтгэлтэй тогтолцоонд нэг ч мөнгө төлөөгүй хүн байгаа. Мөн одоо буюу 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарч байгаа эрэгтэй хүн 1960 оны хүн байж таарна. Энэ хүмүүс 15 жил тогтолцоонд шимтгэл төлөөгүй хүмүүс байгаа.
Б.Түвшин: Сая ярьсан тэтгэврийн даатгалын тогтолцоонд тэтгэврийн даатгалд мөнгө төлж байгаагүй, талыг нь төрөөс даадаг, мөнгө төлөхгүй мөртлөө тэтгэврийн сангаас авдаг, 1995 оны хуулиас өмнөх гээд 3 төрлийн асуудал байна. Сангийн менежментэд таны ярьдаг шиг сангийн оролцогчид л эндээс хувь хүртэх ёстой гэж үзвэл энэ 3-ыг улсын төсөвт суулгаад явах ч юм уу, төрөөс даадаг ийм хэсэг болгоод үлдсэн нь бие даах тухай яригдаж байна. Гэтэл бие даасан хэсэгт зохицуулалт хийх гэхээр одоо байгаа бүтэц маань яг тэр мөнгийг өсгөж үржүүлдэг буюу хөрөнгө оруулалтын сангийн менежмент хийдэг бүтэц зохион байгуулалт байхгүй байгаа юм байна. Үнэндээ манай Монгол Улсад ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд өсгөх найдвартай эдийн засгийн орчин байхгүй?
Б.Батжаргал: Манай улсын тэтгэврийн шинэчлэлийн бодлогод таны саяын хэлдэг 3 ангиллыг ялгаад оруулсан. Тухайлбал, 1979 он ба түүнээс хойш төрсөн даатгуулагчийн хувьд Notional Defined Contribution буюу хийсвэр шимтгэлд суурилсан аргаар тэтгэврийн бодолтоо хийлгүүлнэ. Энэ нь 1995 онд 16 нас хүрсэн байсан хүмүүс гэсэн үг. Ихэнх улс оронд ингэж хувааж заагласан байдаг юм билээ.
Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд хэлэхэд энэ нь тэтгэврийн олон давхаргат тогтолцоотой нягт холбоотой байх ёстой. Хэрвээ олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлээд энэхүү 2 ба 3 дахь давхарга бүр нь бүрэн хуримтлал хэлбэртэй байж, хөрөнгө оруулалтад ороод эхэлбэл ямар эрсдэл дагуулах вэ, эдийн засаг хямарч таны хөрөнгө оруулалт эрсдэлд орвол тэтгэврийн аль давхарга нь хамгаалалт болох вэ гэдгийг сайтар бодолцох ёстой гэдгийг дэлхийн эрдэмтэн, судлаачид зөвлөдөг.
Жишээлбэл, АНУ нь тэтгэврийн 2 давхаргатай. Тэтгэврийн эхний давхарга нь манай одоогийн тэтгэврийн системтэй адил давхарга байна. Улсын бөгөөд цалинд суурилсан аргаар тэтгэврийг нь бодно, буцаагаад олгохдоо Paygo буюу хуваарилалтын аргаар санхүүжүүлдэг. Энэ давхаргад ямар нэгэн хөрөнгө оруулалт байхгүй. Харин 2 дахь давхарга нь бидний зориод байгаатай адил хуримтлал, хөрөнгө оруулалтаар өсөөд явна. Тэгэхээр яагаад хоёуланг нь хуримтлал болгоод хөрөнгө оруулалт руу гаргахгүй байна гэхээр эхний давхарга нь заавал хамгаалалт байдлаар байх ёстой, энэ бол төрийн бодлого. Бүгдийг хөрөнгө оруулалтад гаргана, тэгээд өсгөнө гэдэг таамаглал бол нөгөө талдаа эрсдэлтэй нүүр тулна. Дэлхийн эдийн засгийн томоохон хямралаар маш олон тэтгэврийн сангуудын хөрөнгө эрсдэлд орсоныг сайтар бодолцох ёстой.
Б.Түвшин: ҮЭ өөрөө энэ байдалд нухацтай, ойлгуулах замаар оролцоно гэдэг нь зөв юм байна. Өөрөөр хэлбэл, бидний реформ хийх гээд байгаа тэтгэврийн тогтолцооны тодорхой хувь нь санд мөнгө төвлөрүүлдэггүй мөртлөө хүртэгчид байгаад байна. Сан ашигтай, алдагдалтай тухай ярьвал гарцаагүй татаас авахаас өөр аргагүй байдалд орж байна. Тэгвэл энэ хэсгийг таны харьяаны хүмүүс хэр ойлгож байгаа бол? Энэ гурван давхаргын хамгийн гол суурь буюу “хэн ч өлсөж үхэхгүй” гэсэн суурь ойлгоц бол хийсгэж болохгүй, хөрөнгө оруулалт хийж болохгүй гарцаагүй байж байх баталгаат эх үүсвэртэй байх ёстой юм байна. Энэ гурван тогтолцооны хувьд ҮЭ-ийн хамгийн гол анхаарал тавих хэсэг энэ юм байна гэж ойлгож байна, зөв үү?
Х.Амгаланбаатар: Ер нь ҮЭ-ийн байгууллага бол тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх энэ үйл ажиллагаанд 2013 оны үед анхаарал төвлөрүүлээд шийдэл болж чадаагүй нь манай улсын улс төр, нийгмийн байдал тогтворгүй байсантай холбоотой. Энэ хугацаанд манай засаг төр 4 удаа солигдсон. Хөдөлмөрийн сайд, сангийн сайд 5 удаа солигдсон. Энэ хугацаанд зоригтой шийдэл болоод, зөв зүйтэй гарч ирсэн санаа ажил хэрэг болж чадаагүй учраас бид өнөөдөр хүчтэй ярьж байна. Энэ асуудлыг яагаад хэдэн жилийн өмнөөс яриад эхэлсэн бэ гэвэл бусад орнуудын туулсан зам байна.
2-рт, асуудалд судалгаа шинжилгээтэй хандах. Гэхдээ судалгаа шинжилгээ хийнэ гээд 5 жил хойшилж болохгүй. Бэлэн туулсан зам байна. Бэлэн болсон загварууд байна. Аль замаар явбал зөв зүйтэй шинэчлэл болох вэ гэдэг дээр дүгнэлтүүд хангалттай байгаа.Тэгэхээр үүн дээрээ улстөрийн зөв шийдэл болгож гаргах нь чухал.
Өнөөдрийн том олз нь улс төрийн бүх хүчнүүдийн байр суурь үүн дээр нэгдэж байна,судлаачид санал нэгдэж байна, банк санхүүгийн байгууллагууд анхаарал тавьж эхэлж байна,нийгмийн даатгалын үр шимийг хүртэгчдэд хүлээлт байна. Хүлээлт бодлого нийлээд ирэхээр зөв зүйтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар ч оноо авах байдлаар биш нийтлэг том асуудал гэдэг дээрээ нухацтай хандаж, бүгд нэгдэж чадвал үр дүнтэй ажил болно гэж харж байна.
Б.Түвшин: Хүн бүрийн амьдрал ахуйтай холбоотой учраас нийгмийн даатгалын асуудал анхаарлын төвд байдаг. Мөнгөн сан гэж ярих юм бол тэр санд бодитой мөнгө төлөөгүй нийгмийн эмзэг хэсгүүд хамрагдсан цар хүрээг харуулж байгаа учраас өөрчлөлт, шинэчлэл хийх бол нэлээн тооцоотой, судалгаатай сайжруулаад явах ёстой. Үр ашгийн тухайд хэн яагаад түүнд оруулсан юм, хэр том масс хамарч байна гэдэг дээр уншигчид ойлголт авсан байх гэж бодож байна.
Сүүлийн асуултаа асууя. Нийгмийн даатгалын хүрээг хамарсан хүмүүс, хүртээмж, дэд бүтэц бол том. Энэ бүхний зардал, орон тоо, бүтэц, байшин барилга хэр байдаг вэ. Тэдгээр нь сангийнхаа хэдэн хувийг эзэлдэг вэ. Цаашид технологийн хөгжлийг ашиглаад зардлыг нь бууруулах, илүү үр ашигтай болгох боломж юу байна. Мөн энэ сангууд мөнгөжөөд тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийгдэх чадвар чадамж, түрүүний таны байхгүй гээд байгаа бүтцийг бий болгох талаар ямар төсөөлөлтэй байна?
Б.Батжаргал: Тэтгэврийн даатгал, тэтгэврийн санг бизнес гэж, ашиг олох гарц гэж харж болохгүй. Нэг л зүйлийг харна. Тодорхой хугацааны дараа энэ хүнд та мөнгийг нь өгч чадах уу гэдэг асуултыг тавьж байгаа. Дэд бүтцийн хувьд хамгийн чухал асуудал байгаа. Нүдэнд үзэгдэж харагдахгүй мөртлөө бүр 70, 80, 90, 2000-аад оноос хойш бий болсон дэд бүтэц манайд байна. Зөвхөн нэг жилд 423000 хүн тэтгэвэр авч байна. 1 сая даатгуулагч байна. Жил бүр 220 орчим мянган нь тэтгэмж авдаг хүмүүс байна. Эдгээр хүмүүст өгөх мөнгийг цуглуулаад буцаагаад өгөхөд маш сайн дэд бүтэц хэрэгтэй. Улсын хэмжээнд нийгмийн даатгалын 1480 орчим байцаагч ажилтан ажиллаж байна. Гарч байгаа зардлыг нь УИХ-аас баталж өгдөг. Энэ нь нийт орлогын 2 орчим хувь байгаа. Ихэнх улс оронд 5 орчим хувь байдаг. Энэ дэд бүтэц одоогийн ачааллын хувьд хангалттай ажиллаж байгаа гэж үзэж байна.
Учир нь ихэнхи улсад тэтгэврийн байгууллага нь тусдаа, үйлдвэрлэлийн ослын даатгал хариуцсан байгууллага тусдаа гэх мэт байдаг бол манай улсын хувьд нийт 5 сангийн орлого цуглуулж, 4 сангийн зарлагыг даатгуулагч, иргэдэд сар бүр олгож байна.
Одоо байгаа дэд бүтэц бол манай зорьж байгаа 3 давхаргат тогтолцооны эхний 2 давхаргад ажиллах бүтэц гэж харж байгаа. Харин 3-р давхарга буюу хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын хувьд үүнд ажиллах дэд бүтэц мөн хэрэгтэй.
3 дугаар давхарга буюу хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын санд орж байгаа бүх хүмүүсийн бүртгэлийг хэн хийх вэ? Төр байх уу, хувийн хэвшил байх уу. Ажлын байр хоорондын шилжилтийн мэдээллийг хэн хийх вэ. Учир нь тэтгэврийн даатгал нь маш олон жил үргэлжилдэг процесс. Тэгэхээр 30-40 жилийн бүртгэлийг хэн хийх вэ. Тэтгэврийн шинэчлэлийн бодлоготой уялдуулан 30 жилийн дараа тэтгэвэр авагчид нэг удаа мөнгийг бөөнд нь өгөөд явахыг дэмжихгүй байгаа. Сар болгон өгдөг байгууллага хэр олон байх вэ? Тухайн тэтгэврийн сангууд сар бүр тэтгэвэр өгч чадах зэрэг дэд бүтэц нэмэлт давхаргад яригдана.
Эдгээрийг хуулиар маш сайн зохицуулж, нөхцөл боломжийг сайтар бүрдүүлж байж шинэчлэл хийх ёстой гэж үзэж байна.
Б.Түвшин: Суурь шинж чанарыг нь харвал тэтгэврийн сан нь сан гэдгээсээ илүү 600 гаруй мянган хүний эрх ашгийг хангаж байгаа илүү том агуулгатай байна л даа. Манайх ямар ч байсан тодорхой хэмжээний тэтгэвэрт гарсны дараа орлоготой, нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж ажилгүй болсон хүмүүс гэсэн тодорхой орлоготой, халамжийн шинж чанартай төрөөс даадаг хүмүүс ч гэсэн тодорхой орлоготой байна. Төсвөөс дэмжлэг авах, төсөвтэй хольж хутгаад байгаа шалтгаан нь энэ юм. Үүнийг ҮЭ магадгүй зааглаад, нийгэмд таниулаад, 3 тулгуурт тогтолцооны эхний 2 дээр ажиллаад 3 дахь нь мэдээж сайн дурын хэлбэрээр явна. Үүний тулд эрхзүйн зохицуулалт хэрэгтэй. Тэгэхээр эхний 2 дээр өөрчлөлт гэж таны хэлээд байгаа ойлголтууд байна. Магадгүй энэ талаар цаашид хэдүүлээ ярих байх. Ингээд сүүлийн асуултыг та бүхэнд үлдээе.
Х.Амгаланбаатар: Нийгмийн даатгал, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцооны урт хугацааны ерөнхий зураглалыг гаргах ёстой. Ерөнхий зураглал дотроо бол 1, 2 дахь асуудал руугаа анхааръя. Өнөөдөр бол шилжилтийн үе шат гээд 1,2,3-аа барьж аваад гүйгээд байвал энэ урт хугацааны асуудал биш болно. Тэгэхээр энэ асуудал дээр санал нэгдэж байгаа болов уу гэж бодож байна.
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн өрхийнхөө амжиргааг авч явах тэр хэмжээнд цалингийн хэмжээ очиж байж цалин нь цалингийн үүргээ гүйцэтгэнэ. Хэрвээ гүйцэтгэж чадахгүй бол тэтгэвэр буюу тэтгэмж рүү орно.
Тэгэхээр миний анхны санаа бол тэтгэврийн хувь хэмжээг эхний алхам болгоод нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ инфляцийн хувь хэмжээгээр биш, дорвитой нэмэх хэрэгтэй. 2-рт, хувийн болон даатгалын сангуудын хувь хэмжээгээр нэмэгдүүлэх. Ажил мэргэжлийн даатгал гэж том юм байгаа. Энэ асуудлыг манайх ярихгүй байна. Өнөөдөр уул уурхайн салбар өндөр хөгжиж байна. Үүнийг дагалдуулаад уул уурхайн салбарын ажил мэргэжлийн даатгалыг хөгжүүлж болно. Бидний оролцоогүйгээр тухайн салбарын яаманд Эрдэнэт, Оюу толгой зэрэг компаниуд өөрийнхөө ажилтнуудын даатгалыг иж бүрнээр нь оруулах гэх мэт хэд хэдэн санаа байна.
Энэ асуудал дээр банк, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагууд анхаарал хандуулж, өөрсдийнхөө дуу хоолойг гаргах нь ач холбогдолтой. Өмнө нь банк санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулагч, хөрөнгийн зах зээл дээр тоглогч талууд маань нийгмийн даатгалын сан гэдгийг энэ ямар юм байдаг юм, социализмын үеэс үлдсэн тогтолцоо гэж шүүмжилж байсан үе байгаа. Тэгвэл одоо байх ёстойг нь хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллах санаачилга өрнөж байгаад баяртай байна. Энэ бол улстөрийн тоглолт хийх зүйл биш гэдгийг шийдвэр гаргагч нар ойлгож байгаа нь сайшаалтай. Энэ бол улс орны хөгжилтэй уялдаатай, улс орны эдийн засаг өндөр хэмжээнд хүрч чадаагүй манайх шиг улс оронд бол маш чухал тогтолцоо. Шат шатаар хөгжиж байгаа улс орны хувьд нийгмийн даатгалын тогтолцоо маань төрийн ачааг маш их хөнгөлж байгаа. Тэгэхээр энэ тогтолцоогоо хөгжүүлэхийн төлөө бүгд хамтрах ёстой.
Б.Батжаргал: 1-рт Тэтгэврийн шинэчлэл бол сонгодог зах зээлийн эдийн засагтай улс оронд арай өөр үйлчилж байна. Дани, Нидерланд, Япон, АНУ бол бүр маш дээр үеэсээ суурь сайтай, иргэд нь маш их ойлголттой, хуримтлал сайтай, дээр нь хөрөнгийн зах зээл сайн хөгжсөн. Харин хуучин социалист байсан улсуудад болох ОХУ, Чех, Унгар, Польш, Болгар зэрэг орнуудад шинэчлэл нь мөн арай өөр үр дүнд хүрч байна. Хүмүүс нь өөрөөр хүлээж авч байна. Тэгэхээр бидний судлах судалгааны нэг загвар бол хуучин социалист байсан улсууд байгаа.
2-рт тэтгэврийн шинэчлэлийн бодлогоо нэвтрүүлэхдээ хуулиудаа бүгдийг хамтад нь батлуулсан. Харин үе шаттай хэрэгжүүлсэн. Бүх багц хууль нэг батлагдаад, хэрэгжүүлэх процессууд нь үе шаттай сайн хийгдсэн.
3-рт, тэтгэврийн давхарга хоорондоо, бие биенээ өрсөлдөгч гэж үзээгүй. Нэмэлт тэтгэврийн даатгал нь нөгөө давхаргын өрсөлдөгч, дайсан нь биш. Харин давхарга хоорондын сул талыг нөхөж, эцэстээ иргэн Дорж гэдэг хүн дээр үр дүн өгнө гэж нэвтрүүлж байна.
Дараагийн нэг асуудал юу вэ гэхээр хүмүүст маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа танд ямар өгөөж өгөх вэ гэдэг асуудал чухал. Тэтгэврийн талаар ярьж байгаа хүний ард 30-40 жилийн тооцоолол заавал байх ёстой. Тэрний тооцоолол юу вэ гэхээр 1-рт, хүндээ нөлөөлнө. 2-рт тэтгэврийн сан өөрөө удаан жил тогтвортой ажиллах чадвартай байх ёстой. Хүнд маш өгөөжтэй тогтолцоо байж болно. Гэхдээ нөгөө талд сан чинь өөрөө дааж чадах юмуу гэдэг асуудал давхар яригдана.
Улс орнууд 2 шинэчлэлийг заавал хийж байна. 1-рт одоогийн тогтолцоон дээр хамгаалалт заавал давхар байх ёстой гэж үзэж шинэчлэл хийж байна. Мөн тогтолцооны шинэчлэл хийх ёстой гэж тогтолцоогоо өөрчилж байна. Үүнийгээ хийхдээ тооцоотой хийх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр хийж болохгүй.
Б.Түвшин: Шинэчлэл хийх хэрэгтэй. Энэ шинэчлэлийн цаана иргэн бүрийн эрх ашиг, амьдралын үнэт зүйл, төлөвлөсөн орлого, тэтгэвэр яригдаж байгаа учраас маш тооцоо судалгаатай хийх хэрэгтэй юм байна. Аль нэг орны жишээг авахын тулд 2 системийг даван туулж байгаа учраас завсрын зардал, шилжилтийн үеүдийг сайн тооцох хэрэгтэй юм байна. Ирээдүйн 40 жил болон цаашдын тооцоолол дээр суурилж байгаа учраас бид тогтвортой суурьтай болж байж энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй юм байна. Ярилцсан хоёр зочиндоо баярлалаа.